2011-03-24
Уул овооог тахих ёс

Алтан-Овоог тойрч нутагласнаар мянгат малчин болчихно гэх гэнэн мөрөөдөл, дээр нь гарч дэвхцсэнээр бусдаас илүү явна гэх дэгс ойлголт өнөөдөр бэлийг нь тойруулан 300 мод тарих гэсэн санааг өдөөжээ. Мод тарихын тулд 300 нүх ухсан бол түүнийгээ хамгаалах нэрээр том хашаа барьсан байна. Өөрсдөө ухаж төнхөөд зогсохгүй, сүүлдээ амьтнаар ухуулж, сэндийлүүлэх санаачилгыг хэн нэгэн гаргаснаар тарвага, зурам нутагшуулах аян эхлүүлж байгаа аж. Алтан-Овооны 2004 оны тахилгын үеэр баруун талынх нь амаар авто машин орох замыг хаах нэрээр 300 мод тарьсан. Тахилгад оролцсон хүн болгон мод тарих ажил эхлүүлж, 300 гаруй нүх ухсан. Тэнд мод ургаагүй, христийн оршуулгын газар шиг хэдэн хатсан мөчир бий болжээ. Уг нь байгаль, дэлхий өөрийнхөө зохицуулалтаар Алтан-Овоо, түүнийг тойрсон бяцхан баянбүрдийг бүтээхдээ овооны бэлд нэг ч мод хайрлаагүй. Талын намхан уул Алтан-Овоог нүцгэн чигээр нь заяасан юм. Байгаа энэ л төрхөөр нь монголчууд хэчнээн зуун дамнуулан шүтэж дээдэлж ирсэн билээ. Овоог тал саран хэлбэрээр тойрсон Дагшин, Пан¬га, Холбоо, Хөдөө нуур мэлтийж, зайдуухан газар хайлаас, бургас зэрэг олон янзын мод ургасан нь бий. Дэлхийд нэн ховордсон цагаан чоноос эхлэн ан амьтан тэнд элбэг байсан. Хүний гараар цөөрсөн ч өдгөө үлдсэн юм бий. Эртний галт уулсын нутаг Дарьгангад Молцог элсний нэгээхэн хэсэг үргэлжилдэг бол хүний санаанд оромгүй нүцгэн талд агуй байдаг нь байгалийн сонин гайхамшигт тогтоц гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Сүхбаатарчууд Алтан-Овооны нэг ч чулууг хөдөлгөж болохгүй гэсэн үзэл, барьж, түүнээс давах гэсэн нөгөө хэсэг дээр нь байшин барьж, үлдсэн нь хоргой, торгоор дээл, малгай хийж өмсүүлэхээр уралдсан. Хүнчилж тахих хэнээрхэл нь элдвийг сэдэхэд хүргэж, зарим нь шүр, сувдаар эрхи бүтээлгэн "Ээж"-ийн хүзүүнд зүүв. Хэчнээн үнэтэй торгоор дээл хувцас оёж өмсгөнө төдий чинээ сайн сайхан болж, хэрэг зорилгоо бүтээх юм шигээр уралдах болов. Ингээд Ээж нэртэй тэр хад хүн шиг хувцас өмсч, байшинд суух болсноор жилийн дөрвөн улиралд нар салхи үээхээ больж, зовлонт нэгэн эх болжхувирав. Саяхнаас гадуур нь барьсан байшинг буулгаж, хир даг болсон торгон өмсгөлийг нь тайлсан дуулдана. Хүмүүс гэмээ ойлгож мэдэрсний нэг илрэл энэ байх. Өөрөөр хэлбэл, хүмүүс байгаль дэлхийгээ унаган төрхөөр нь хайрлах, тахиж шүтэх болсон байна. Магадгүй мөнгө харсан төсөл мэтэд найр тавьж, мод тарих нэрээр Алтан-Овоогоо ухаж төнхөх сонирхол хэн нэгэнд байж гэмээ нь талын намхан уул хэвээр байлгаж, унаган төрхөөр нь тахиж шүтэх, ядаж байгаа чигээр нь харж нүд, сэтгэлээ баясгах хүсэлтэн цөөнгүй бий. Түүх сөхвөл Алтан мянган хүн овооны орой руу мацаж, тэр хэрээр чулуу нь бэл рүүгээ бууж ирсээр байна. Өнгөрсөн оны их тахилгын үеэр аймгийн Засаг даргын Тамгын газраас Алтан-Овооны бэлээс орой хүртэл 108 гишгүүр бүхий чулуун шат, бэлээр нь эмэгтэйчүүд явах цардмал зам тавьж, дөрвөн талд нь сүүдрэвч хийх тогтоол гаргасан. Чулуун шат тавихаар хэдэн хүн овооны орой руу мацна, тэдний хөлөөр хэчнээн чулуу өнхөрч унах вэ. Зарим нь жийп хөлөглөн оройд нь гарчих шахдаг. Хурдан хөлгийн дугуйгаар маажуулсаар байгаад овооны бэл улаан тоос манарсан сул шороо болж хувирсан. Энэ явдал Шилийн богдод ч давтагдаж, оройгоос нь Тоорой бандийн морьтойгоо бууж, морь хүн хоёрын гайхамшиг болсон зам өдгөө жим болон хувирч захын морьтой хүүхэд давхиж гарч байна. Ирсэн, явсан болгоны нүдийг хужирлахаас гадна нэг ёсондоо түүх, уламжлалаа таниулан сурталчлах үүрэгтэй аймгийн музей нь ажиллахаа больсноос сүүлийн үед ёс жаяг мэддэг хүн цөөрсөн. Танилцуулга, мэдээлэл өгдөггүйгээс ирсэн зочид ёс алдах нь хэрээс хэтэрч байгаа юм. Тухайлбал, охид, хүүхнүүд Шилийн Богдын оройд гарснаараа сайрхах болжээ. Магадгүй тэд Алтан-Овооны оройд гарахыг байг гэхгүй. Саяхан Дорнод-Монголын хамтын ажиллагаа судалгааны хүрээнд дарьгангачууд болон Солонгосын эртний Гуулин улсын соёлын харилцааны чиглэлээр Сүхбаатар аймгийг зорьсон БНСУ-ын эрдэмтдийг очиход аймгийн музей нь цоожтой, хэчнээн цаг хүлээсний эцэст оруулж үзүүлсэн ч танилцуулга өгөөгүй аж. Энэ тухай тэд "Ядаж танилцуулгаа өгөхгүй бол яаж хамтарч ажиллах билээ" хэмээн толгой сэгсэрч байна лээ. Сүүлийн үед хунгийн чуулган үзэх хүн зоны цуваа Ганга нуураас тасрахгүй байна. Өөрөөр хэлбэл, хүний чуулган чуулах нь хэтийдсэнээр байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулж байгаа юм. Зарим нь сүүлчийн хунгийн цуваа харж, зураг хөргийг нь монтажилж авахын тулд зориуд буу тавьсан ёс бус үйлдэл гарсан. Үүнээс үүдэн Ганга нуур, Хөдөө нуур, Холбоо нууранд ирэх хунгийн тоо жилээс жилд цөөрчээ. Нуурын хөвөөгөөр гэр майхан алагтаж, согтуу хөлчүү хүмүүсийн дуу чимээнээс хунгийн сүрэг цахлан ёс горимоороо чуулж чадахгүй байгааг судлаачид хэлж байгаа юм. Уламжлалаас үзвэл, "Буцах шувуудыг бус ирж буйг нь хар" хэмээн монголчууд үр хүүхдээ сургаж иржээ. Буцах шувуудын уй гунигийг тээснээр насанд цөв суудаг гэлцдэг нь цээрлэсэн хэрэг. Нөгөө талаар байгаль экологийн тэнцвэрт байдал, ёс горимыг бодолцсон явдал байх. Алтан-Овоо хүнээр бол ёолж, зовж, тарчилж байгааг тахиж, шүтэж, залбирахдуртай эрхмүүд огт сонсохгүй нь. Оройд нь олноор гарсан хүмүүсийн хөлөөр өнхөрсөн чулуу болгоныг нулимсан дусал гэвэл овоо уйлж байна. Хүнээр бол хэнбугай ч гэсэн толгой дээр нь шавааралдан дараад байвал орилж бахирна. 1990-ээд оноос овооны оройд Батцагаан барьж байна хэмээн хэчнээн тонн шавар, цемент, чулуу, блокоор асар том байгууламж барьж дээр нь алтадсан ганжир зүүж гайхуулав. Гэтэл Алтан-Овооны оройд эртнээс байсаар ирсэн өвөг дээдсийн гараар бүтсэн чулуун овоог зөнд нь орхижээ. Угтаа тэр чулуун овоо байх ёстой болохоос цементээр зуурч овоолсон шавар байх нь утгагүй. Хэчнээн тонн цемент, шаварт даруулсан Алтан-Овоонд өдгөө хэн нэгэн чадалтай, чинээлэг этгээд торгон дээл өмсүүлэх л дутаж. Гэхдээ дээл өмсүүлэх чадалгүй нь муу явахгүй байх. Бид Алтан-Овоогоо тахиж шүтэх сэтгэл байваас их хотын хаа нэгтээгээс цай, сүүнийхээ дээжийг өргөөд байж болно. Дотор сэтгэлдээ залбирч явбал тэр нь хүрнэ. Заавал мод тарьснаар сайн хүн болчихгүй. Мод тарих сэтгэл байвал айл болгон гэрийнхээ гадаа тарьж бололгүй яахав. Бидний шүтэж дээдэлдэг Алтан-Овоо Сүхбаатарчуудын төдийгүй монголчуудын сэтгэлийн өндөрлөг, зүүн бүс дэх монголчуудын энергийн төв. Гэхдээ талын намхан уул хэвээр байгаасай, үр хойчид минь унаган төрхөөрөө хүрч очоосой. Алтан-Овоо хүний гараар бүтсэн байшин биш, цэцэрлэгт хүрээлэн бүр ч биш дэлхий ээжийн урласан уул. Нэгэн цагийн галт уулсын орон Дарьганга яг л галт уулс шигээ оргилсон, дэвэрсэн халуун сэтгэлтний нутаг. Тиймээс онгон дагшин хэвээр нь тахиж шүтэх учиртай.
Бичсэн: dulbadrah | цаг: 12:24 | Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax